» » ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРАЖЛЫН ДААЛГАВАР:

Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх

үйл ажиллагаанд Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т "хүний эрхийн асуудлаар судалгаа явуулж, шаардлагатай мэдээллээр хангах” гэж заасныг үндэслэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг хийх Гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулж, хамтран ажиллана.

Тус зөвлөх үйлчилгээ НҮБХХ-ийн "Байгалийн нөөцийн тогтвортой удирдлага ба байгаль орчны засаглал” төслийн хүрээнд хийгдэх бөгөөд ХЭҮК нь уг ажлын үндсэн захиалагч байна. Үнэлгээний үр дүнг БОАЖЯ, УУХҮЯ болон МХЕГ зэрэг байгууллагад хүргүүлж, уул уурхайн салбарын байгаль орчин, нийгмийн хамгаалал, хүний эрхэд холбогдох эрхзүйн орчин, төр, хувийн хэвшил, орон нутгийн засаг захиргаа, иргэд хоорондын харилцаа, зохицуулалтыг сайжруулахад чиглэсэн санал зөвлөмж гаргаж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.

Зорилго:

Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний зорилго нь Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хүний эрх, аюулгүй байдалд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг задлан шинжилж, хүний эрхийн зөрчил, түүнээс гарах сөрөг нөлөөллийг бууруулах арга замыг тодорхойлох, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаарх санал зөвлөмж боловсруулахад оршино.

Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх ажлын хамрах хүрээ, чиглэл:

Энэхүү Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаа, түүний нөлөөлөлд хамрагдах нутаг дэвсгэрт оршин сууж буй нутгийн иргэд, оршин суугчид, засаг захиргааны нэгж, бизнесийн байгууллагуудын хүрээнд дараах 4 бүлэг асуудалд анхаарлаа хандуулж гүйцэтгэнэ. Үүнд:

1. Тавантолгойн бүлэг орд дахь нүүрсний уурхайн үйл ажиллагаанаас орон нутгийн иргэд, ажилчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөр эрхлэх зэрэг эрхэд үзүүлж буй нөлөөллийг тодорхойлж үнэлэх, ялангуяа уурхайн үйл ажиллагаанаас үүсэх тоосжилт, агаар, хөрс, усны зэрэг орчны бохирдлын улмаас иргэдийн эрүүл мэнд, хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд үзүүлэх сөрөг нөлөөллийг тодорхойлох, эдгээр зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулахад чиглэсэн арга хэмжээний санал зөвлөмж гаргах:

2. Нүүрс олборлох, тээвэрлэх болон эдгээрт холбогдох бусад үйл ажиллагааны улмаас орон нутгийн иргэд, ялангуяа малчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрх, уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, сөрөг нөлөөллийг үнэлэх, уг асуудалд холбогдох хууль эрхзүй, бодлогын зохицуулалт, орон нутгийн түвшний хэрэгжилтийг үнэлэх:

3. Нүүрс тээвэрлэлтэд оролцож буй ажилчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөр эрхлэх зэрэг эрхийн хэрэгжилтийг үнэлэх, ялангуяа нүүрсний холын тээврийн жолооч нарт тулгамдаж буй нийгэм, хүний эрхийн эрсдлүүдийг тодорхойлох, авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний санал боловсруулж танилцуулах:

4. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын жишээнд тулгуурлан хөдөлгөөнт хүн амын тоо огцом өссөнтэй холбоотойгоор сум, орон нутгийн түвшний нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, төсвийн хүрэлцээ, орон нутгийн засаг захиргаа болон хувийн хэвшлийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, түүнээс гарч буй эерэг, сөрөг нөлөөллийг тодорхойлох, үүнээс үүдэлтэйгээр гарч буй болон болзошгүй хүний эрхийн болон нийгмийн эрсдлүүдийг үнэлэх, гэмт хэрэг, аюулгүй байдал, эмзэг бүлгийн хүн амд үзүүлж буй нөлөөллийг тодорхойлох зэрэг болно. 

Хугацаа:

Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг 2018 оны 3 дугаар сараас мөн оны 6 дугаар сард багтаан гүйцэтгэж, 7дугаар сарын 3-ны өдөр эцсийн тайлан, холбогдох техникийн баримт бичгүүдийг Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албанд хүлээлгэж өгнө. Үнэлгээний тайланг Ажлын даалгаварт дурдсан агуулгыг бүрэн хамруулж, үнэлгээний аргачлал, хэрэгслүүдээр цуглуулсан мэдээлэл, үр дүнг нэгтгэн, дүн шинжилгээ хийн, чанарын өндөр түвшинд баримтжуулан англи, монгол хэлээр боловсруулсан байна.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

- Хуулийн этгээд байх (судалгааны байгууллага, компани, хүрээлэн, ТББ гэх мэт);

- Хүний эрх, байгаль орчин, уул уурхай зэрэг чиглэлээр адил төстэй судалгаа, үнэлгээ хийж байсан туршлагатай, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх;

- Хүний эрх, байгаль орчин, уул уурхайн чиглэлээр судалгаа, үнэлгээ хийх, тайлан мэдээлэл боловсруулах чиглэлээр мэргэшсэн, бодлогын санал зөвлөмж гаргах чадвар бүхий судлаачдаар багаа бүрдүүлсэн байх;

Бүрдүүлэх материал:

- Байгууллагын албан захидал;

- Байгууллагын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

- Ажлын санал (Үнэлгээ хийх үйл ажиллагаанытөлөвлөгөө, үнэлгээ судалгааны бэлтгэл ажлын календарчилсан хуваарь,үнэлгээ хийж гүйцэтгэх аргазүй,тоон болон чанарын аргууд зэргийг тодорхой тусгах);

- Багийн гишүүдийн товч намтар, ажил үүргийн хуваарийг хавсаргах;

- Багийн гишүүн бүр хүлээсэн үүргээ заасан хугацаанд гүйцэтгэх боломжтой болохоо илэрхийлсэн тодорхойлолт;

- Адил төстэй үйл ажиллагааны талаар өмнө гүйцэтгэсэн үнэлгээ, судалгааны тайланг хавсаргах нь давуу байдлыг бий болгоно.

- Үнэлгээний ажлыг гүйцэтгэх төсвийн саналыг битүүмжилсэн дугтуйд тусад нь хийсэн байна.

Сонирхсон байгууллагууд дээр дурдсан материалыг бүрдүүлж, битүүмжлэн

2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 16:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Хүний эрхийн Үндэсний Комисс
Засгийн газрын 11 дүгээр байр, #504,
Тусгаар тогтнолын талбай-38, Чингэлтэй дүүрэг,

Улаанбаатар хот-15140, Mонгол Улс
Утас: (+976-11) 262931, 260284

Гүйцэтгэх ажлын даалгаврын дэлгэрэнгүй хувилбарыг доорх линкээр орж татаж авна уу. 

Ажлын даалгавар татах  

Захиалагчийн зүгээс зөвхөн шалгарсан байгууллагатай эргэн холбогдоно.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК