» » » Монгол Улс дахь хүний эрхийн хамгаалагчдын асуудал

Монгол Улс дахь хүний эрхийн хамгаалагчдын асуудал

Монгол Улс дахь хүний эрхийн хамгаалагчдын асуудалХүний эрхийг хамгаалагчдыг хамгаалахад гарч буй сорилт бэрхшээл, сайн туршлагыг тодорхойлох зорилгоор Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан Институт ба Хүний эрхийн Газрын төлөөлөгчид 2018 оны 09 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, төрийн холбогдох байгууллагууд, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалт хийж, үнэлгээ мониторинг хийж байгаа билээ. Тус ажлын хүрээнд хүний эрхийг хамгаалагчдын нөхцөл байдлын тухай дугуй ширээний хэлэлцүүлгийг 2018 оны 09 дүгээр сарын 28-нд ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн газраас зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийн "Монгол Улс дахь хүний эрхийн хамгаалагчдын асуудал" сэдвээр тавьсан илтгэлийг уншигч танаа толилуулъя. 

Монгол Улс дахь хүний эрхийн хамгаалагчийн асуудал

Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд өдрийн мэнд хүргэе.

Энэ жил НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, Хүний эрхийн хамгаалагчийн тухай тунхаглал батлагдсаны 20 жилийн ой тохиож байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүний эрхийн хамгаалагчдын асуудлаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг Та бүхэнд тоймлон хүргэе.

·Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2014 онд шүүгч, прокурор, цагдаагийн байгууллагын албан хаагч, өмгөөлөгч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагын ажилтан, хүний эрхийг хамгаалагч, идэвхтэн зэрэг 1375, "Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад ажиллаж буй хүний эрхийг хамгаалагчийн үйл ажиллагааны баталгаа” судалгаанд Улаанбаатар хот, 21 аймгаас үйлдвэрчний эвлэлийн гишүүн, идэвхтэн, сонгуульт ажилтан 3662 хүн хамруулан "Хүний эрхийг хамгаалагчийн эрхийн хэрэгжилт” болон "Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад ажиллаж буй хүний эрхийг хамгаалагчдын үйл ажиллагааны баталгаа” судалгааг хийж, хүний эрхийг хамгаалагчдын эрхийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлон, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулан УИХ-д илтгэсэн.

·Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөлөл, хуульч, судлаачдаас бүрдсэн Ажлын хэсэг 2016 оны 10 дугаар сарын 18-нд байгуулан "Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдал” хуулийн төслийг боловсруулсан. Иргэний нийгмийн байгууллагуудын дунд хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг хийж, саналыг тусгаад тухайн үеийн УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын гишүүдэд өргөн барьсан.

·Хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудтай Орон тооны бус зөвлөл болон Хамтын ажиллагааны уулзалт хэлбэрээр жилд 2 удаа уулзаж, мэдээлэл солилцдог.

·Төрийн албан хаагч, ер нь хүн бүр хүний эрхийн хамгаалагч гэсэн ойлголт хандлагыг түгээх чиглэлээр сургалт сурталчилгааны ажлууд явуулж байна.

Хүний эрхийн хамгаалагчдад тулгамдаж буй нийтлэг асуудлууд:

Хүний эрхийг хамгаалагчид халдсан халдлага, гомдлыг бүртгэх, баримжуулах тэдний аюулгүй байдлыг хамгаалах албан ёсны тогтолцоо байхгүй, хүний эрхийн хамгаалагч ч гэсэн нэр томьёо байхгүйгээс хүний эрхийн хамгаалагчид халдсан талаарх нэгдсэн статистик, тоо баримт байхгүй зөвхөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон төрийн бус байгууллагуудын хийсэн судалгаа, мэдээллээр л хязгаарлагдаж байна. Энэ нь хүний эрхийн хамгаалагчийн аюулгүй байдлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх хууль эрх зүйн ээлтэй орчин бүрдээгүйтэй холбоотой юм.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын судалгаагаар хүний эрхийн хамгаалагчдад дараах нийтлэг асуудал тохиолдож байна. Үүнд:

  • Нэр төр, алдар хүндэд халдах, сэтгэл санааны дарамт, шахалт үзүүлэх;
  • Амь нас, бие махбодод халдахаар заналхийлэх;
  • Бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөх;
  • Мэдээлэл авах боломжийг хязгаарлах, мэдээлэл өгөхөөс татгалзах;
  • Хүний эрхийн талаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын үйл ажиллагааг нь үгүйсгэх, үл ойшоох, төвөгшөөх, төрийн байгууллагын зүгээс хүнд суртал гаргах;
  • Ялгаварлах, шударга бус хандах, цалин, нийгмийн халамжийг хязгаарлах;
  • Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах.
  • Ажлаас халах, ажлын байрны дарамт үзүүлэх гэх мэт.

Эдгээрээс "Нэр төр, алдар хүндэд халдах,доромжлох, сэтгэл санааны дарамт, шахалт, заналхийлэлд өртөх явдал хамгийн их буюу нийт судалгаанд оролцогчдын 38 хувийг эзэлж байна. Ялангуяа цахим халдлагад өртөж байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж. Хунан zaluu.com цахим сайтад цаазаар авах ялыг дэмжихгүй байгаа талаар байр сууриа илэрхийлж ярилцлага өгснийхөө төлөө хуульчийн нэр төр алдарт нь халдсан, хэл амаар доромжилсон сэтгэгдэл, дайралтад өртсөн. Энэ мэтчилэн хүний эрхийн төлөө дуугарсан хүмүүсийг амыг хаахыг оролдлогууд гарсаар байна. Ялангуяа  хүний эрхийн хамгаалагч эмэгтэйчүүд рүү цахим орчинд үг хэлээр дайрч, доромжлох, сүрдүүлэх, нэр төрийг гутаах үйлдлүүд ихээр гарах болсон нь харамсалтай.

Түүнчлэн хүний эрхийн төлөө дуугарч байгаа сэтгүүлчдийг хууль, шүүхийн байгууллагад дуудаж сүрдүүлэх, эрүү, зөрчлийн хэрэг үүсгэн айлган сүрдүүлэх явдал нэмэгдэж байна. Тухайлбал, "Глоб интернэшнл" ТББ-аас гаргасан мэдээлэл судалгаагаар 1999-2017 онд нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, гүтгэлэг, доромжлолтой холбоотой шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний болон эрүүгийн 848 хэргийн 426 буюу 50,2 хувь нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд холбогдох хэрэг байна. Мөн 2006 оноос эхлэн 2017 оныг хүртэлх хугацаанд тус байгууллага сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эрхэд халдсан 701 зөрчлийг бүртгэжээ. Эдгээр зөрчлөөс хамгийн олон давтагдсан нь сэтгүүлчдийг шүүх хүчний байгууллагаас дарамтлах явдал 61 хувьтай байна.

Мөн байгаль орчны хүний эрхийн хамгаалагчид эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй, хамгаалалттай, зохион байгуулалт, зорилго бүхий улс төр бизнесийн бүлэглэлүүдийн эсрэг тэмцдэг. Хэдийгээр Монгол Улсад энэ асуудал тахлын хэмжээнд илрээгүй ч байгаль орчны эрхийг хамгаалагчдаас хууль бус уул уурхай, хулгайн агнуурыг эсэргүүцэхийг оролдсон үедээ хүчирхийлэл, сүрдүүлэгт өртөж байгаа мэдээлэл цөөнгүй байна.

Үүнээс гадна "Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад ажиллаж буй хүний эрхийг хамгаалагчийн үйл ажиллагааны баталгаа” судалгаанд хамрагдагсдын 32.8 хувь нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж ажилласныхаа төлөө ажлаасаа халагдсан, 12.8 хувьд сахилгын шийтгэл оногдуулсан байна.

·Хот дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдийн эрхийг зөрчиж, өмч хөрөнгөгүй, орон гэргүй болгосон цөөнгүй тохиолдлыг бид 2018 оны хавар УИХ-д өргөн барьсан илтгэлдээ тусгасан. Хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэгч нийслэлийн захиргааны байгууллагаас орон гэр, өмчөө хамгаалж үнэн зөв мэдээлэл хүссэнийхээ төлөө, өмч хөрөнгийг нь шударгаар үнэлэхийг шаардсаныхаа төлөө, орон гэр, гал голомтоо үгүй хийлгүүлэхгүйн төлөө үгээ хэлсэн, эрх баригчдын үүдийг сахисан эдгээр хүмүүс элдэв гүтгэлэг, доромжлолын бай болж бүр айлган сүрдүүлэлт, заналхийлэлд өртсөн баримт ч бий.

Бие даасан хууль байх хэрэгцээ шаардлага:

·Хүний эрхийн хамгаалагчдын үйл ажиллагааг олон нийт, хууль хэрэгжүүлэгчид мэдэхгүй, ойлгохгүй, дэмжихгүй байгаа тул хүний эрхийг хамгаалах үйлдлийг хуульд томъёолон суулгаж, хүний эрхийг хамгаалах үйлдлийг хүндэтгэх нийгмийн соёл бий болгох шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, хүний эрхийн хамгаалагчийн хуультай болсноор төрийн албан хаагч ч хүний эрхийн хамгаалагч байж болохыг зааж, хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагааг хэрхэн дэмжих, хамгаалах тухай ойлголтыг түгээх, төрийн албан хаагчид, хууль хэрэгжүүлэгчид, олон нийт зэрэг холбогдох этгээд тодорхой үүрэг, хариуцлагатай болох юм.

·Одоогийн байгаа эрх зүйн орчин хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалж чадахгүй байна.

Хүний эрх, эрх чөлөөний талаар дуугарсан сэтгүүлчид, өмгөөлөгч, байгаль орчны хамгаалагчдад халдсан, айлган сүрдүүлсэн тохиолдлууд гарч байгаа хэдий ч эдгээр хэргийг хохирогч нь хүний эрх хамгаалагч байсан гэдгээр нь авч үзээгүй, үр дүнтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулж, асуудлыг аль болох богино хугацаанд шийдвэрлэхгүй байсаар байна. Өөрөөр хэлбэл, хүний эрхийн хамгаалагчид үйл ажиллагаагаа ямар нэгэн айдасгүйгээр хэрэгжүүлж чадахгүй байна. Мөн тэдний  аюулгүй байдлыг хамгаалах, эрхийг зөрчсөнийг бүртгэх, зөрчигдсөн эрхийг нь сэргээн эдлүүлэх тогтолцоо тодорхой бус байна. Энэ хамгаалалт хуулиудад ганц нэг заалт орсноор бий болохгүй тул иж бүрнээр шийдвэрлэх үүднээс бие даасан хууль байх нь зүйтэй байна. Бие даасан хууль батлагдсанаар хүний эрхийн хамгаалагчийн  үйл ажиллагааг дэмжих, түүний эсрэг аливаа сөрөг үйлдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Хуулийн төсөлд дараах зүйлийг тусгасан:

Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл 4 бүлэг 14 зүйлтэй.

·Хүний эрхийн хамгаалагчийн эрх, үүргийг тодорхой зааж өгсний зэрэгцээ, хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хүлээн зөвшөөрөх, зөрчихгүй байх, үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандах, хүний эрхийн хамгаалагч үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах, хүний эрхийн хамгаалагчид руу цахим болон цахим бус аливаа хэлбэрээр халдахгүй байх зэргээр төрийн байгууллага, албан тушаалтан, ТББ, аж ахуйн нэгжийн хүлээх нийтлэг үүргийг тусгаж өгсөн.

·Үндэсний хэмжээнд хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах тогтолцоог хамгийн боломжит бага зардлаар байгуулахын тулд Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах хороог Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд бий болгохоор хуульд заасан ба гишүүд нь одоо чиг үүргээ гүйцэтгэж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэн ажиллахаар тусгасан. Тус хорооны бүрэлдэхүүнд ажиллах иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд тусгайлан шалгуур тавьсан нь иргэний нийгмийн чадавхжуулах, дэмжих зорилготой бөгөөд хамтын шийдвэрээр анх удаа нэр дэвшүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн.

Ерөнхийдөө бол хүний эрхийн хамгаалагч аюулгүй, эрсдэлгүй тайван орчинд өөрийн болон бусдын эрхийн төлөө ажиллах боломж бий болгохыг зорьсон.

Хүний эрхийг хамгаалагчдад зориулсан бие даасан хуультай улс:

Дэлхий 40 гаруй улс ерөнхийдөө хүний эрхийн хамгаалагчдын асуудлыг хуулиндаа суулгаж өгсөн.

Үүнээс:

•4 улс бие даасан хуультай: Зааны ясан эрэг-2014 онд, Бельгийн Вант улс, Мали 2017 онд, Буркино Фасо 2017 онд тус тус баталсан.

•Хуулийн төсөлтэй улс- Индонез, Непал, Филлиппин/

•Бусад хуулиар зохицуулсан улс: /Латин Америк, Колумб, Гуатемала Гондурас, Мексик Бразил/-УС, хамгаалах, хангах-Үндэсний хамгаалалтын механизмтай.

2016 онд нийтдээ 45 улсын хүний эрх хамгаалагчийн тухай хуулиудыг судлаад "Хүний эрхийн хамгаалагчдыг хүлээн зөвшөөрөх, хамгаалах загвар хууль”-ийг гаргасан. Энэ загвар хууль хүний эрхийн хамгаалагчдын ажлыг дэмжих, заналхийлэл, халдлагаас хамгаалах хууль, бодлого, институцыг бий болгох талаар техникийн зөвлөгөө өгөх замаар улс орнуудыг удирдамжаар хангадаг. Загвар хуулийг бүс нутаг бүрийг төлөөлсөн 500 гаруй хуульч боловсруулсан бөгөөд хүний эрхийн шилдэг өмгөөлөгчид, түүний дотор хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдлын асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгч нар санал нэгдэн баталсан.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК