» » » Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх ажиллагаан дахь хүний эрхийн асуудлаар уулзалт хийлээ

Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх ажиллагаан дахь хүний эрхийн асуудлаар уулзалт хийлээ

Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх ажиллагаан дахь хүний эрхийн асуудлаар уулзалт хийлээМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г хийж, тус үнэлгээний тайланг орон нутгийн засаг захиргаа, иргэд, бизнесийн байгууллага зэрэг оролцогч талуудад танилцуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөх олон талт хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 18, 19-нд Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций суманд зохион байгуулсан билээ.

Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх ажиллагаан дахь хүний эрхийн асуудлаар уулзалт хийлээ
Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх ажиллагаан дахь хүний эрхийн асуудлаар уулзалт хийлээ
Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх ажиллагаан дахь хүний эрхийн асуудлаар уулзалт хийлээТус хэлэлцүүлгийн үеэр уул уурхайн үйл ажиллагаан дахь хүний эрхийн зөрчил бүхий асуудлыг хөндөж ярилцсан бөгөөд нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны улмаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхэд үзүүлж сөрөг нөлөөг багасгах, нүүрс тээвэрлэлтэд оролцож буй ажилчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөр эрхлэх зэрэг эрхийн хэрэгжилтийг хангах, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын жишээнд тулгуурлан хөдөлгөөнт хүн амын тоо огцом өссөнөөс үүдэлтэйгээр гарч буй хүний эрхийн болон нийгмийн эрсдлийг бууруулахад талууд хамтран ажиллахаар болсон юм. Цогтцэций сумын төв (Өгөөмөр баг) болон Цагаан-Овоо багийн иргэдээс авсан судалгаагаар 80 орчим хувь нь тоосжилт, агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хамгийн ихээр тулгамдаж буй асуудал гэж үзсэн билээ.

Тавантолгойн бүлэг уурхай нь Цогтцэций сумын төвөөс маш ойр зайд оршдог хийгээд говийн бүс нь салхи шуурга ихтэй байдаг учраас олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь тоосжилтын гол эх үүсвэр болж байна. Түүнчлэн, Эрдэнэс Тавантолгой компанийн уурхайгаас Гашуунсухайтын зам хүртэлх нүүрс тээвэрлэлтийн шороон замаас их хэмжээний тоосжилт үүсдэг. Хатуу хучилттай зам багатай, тээврийн хэрэгслийн тоо, хөдөлгөөн их, олон машин хурдтай давхих зэрэг шалтгаанаар сумын төв орчмын тоосжилт сүүлийн жилүүдэд ихэссэн болохыг оролцогч талууд хүлээн зөвшөөрч байна.

Нүүрс тээвэрт олон хоногоор ажиллах, ажлын нөхцөл, ачааллаас сэтгэлзүйн хямралд орох, архи хэтрүүлэн хэрэглэх, амрах хугацаандаа архи уудаг зэрэг шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явдал нэмэгдэх эрсдэл байна.

Нүүрс тээврийн зам дагуух олон гэр, хоолны газар, засвар үйлчилгээний газрууд, тэдгээрийн зохион байгуулалт, төлөвлөлтгүй орчинд хог хаягдал хуралдаж, орчныг бохирдуулж байна. Гашуун сухайтын авто замын эхлэлээс 4 болон 6 дахь км-т төлөвлөлт, зохион байгуулалтгүй худалдаа, үйлчилгээний цэг үүсч, олон тооны гэр, зөөврийн байшин замбараагүй бөөгнөрсөн байдалтай байна.

Нүүрсний тээврийн жолооч нар амрах, дэлгүүрээр үйлчлүүлэх, хоол унд идэх, машин техникээ засаж сэлбэх үндсэн цэг болсон ч зориулалтын машин зогсоол, тог цахилгаан, усан хангамж, стандартын бие засах газар зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах наад захын нөхцөл бүрдээгүй байна.

Тавантолгойн бүлэг ордоос нүүрс тээвэрлэж буй жолооч нарын эрүүл, аюулгүй орчинд ажиллах, хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэхэд төрийн болон орон нутгийн удирдах байгууллага, уул уурхайн компани, нүүрс худалдан авагч компани, тээврийн аж ахуйн нэгж болон хувь жолооч нарын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа маш чухал гэдэгт оролцогчид санал нэгдсэн юм.

Иймд дээрх асуудлыг танилцуулах, нөхцөл байдлыг сайжруулах, хүний эрхийн зөрчлүүдийг арилгахад анхаарал хандуулахыг уриалж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл нар 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, тэргүүй дэд захирал С.Эрдэнэбулган, "Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болд нарыг хүлээн авч уулзлаа. Мөн энэ асуудлаар ХЭҮК-ын дарга 2018 оны 10 дугаар сарын 19-нд Үндэсний хөгжлийн газрын дарга Баярсайхантай, Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболдтой мөн сарын 22-нд тус тус албан уулзалт хийгээд байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээнд тулгуурлан Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийн нөхцөл байдлыг сайжруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, нүүрс тээвэрлэлтийн замын аюулгүй байдал, жолооч нарын хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах зэрэг зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийг шаардаж байгаа юм. Тухайлбал,

·Засгийн газар ажлын хэсэг байгуулж, Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийн асуудлыг цогцоор шийдвэрлэх богино, дунд, урт хугацааны стратеги, төлөвлөгөөг боловсруулж, эл төлөвлөгөөг хэрэгжүүлэх олон талт механизмийг бүрдүүлэх, Эрдэнэс Таван Толгой компани энэхүү ажлын хэсгийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг, үзүүлэх

·Ажлын хэсэг нь Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, урт хугацаа (15-20 жил), дунд хугацаа (8-10 болон 3-5), болон богино хугацаа (1 жил) -ны хөгжлийн бодлогыг боловсруулах, дээрх бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрийг салбар, яам, агентлаг тус бүрийн бодлого, үйл ажиллагаатай уялдуулах

·Гашуунсухайт авто зам компани нүүрс тээвэрлэлтийн замын арчилгаа, зам засварын ажлын хурд, хяналт, аюулгүй байдлыг сайжруулах

·Гашуунсухайт авто зам компани ЦЕГ, ЗЦГ, АТҮТ-тэй хамтран замын хөдөлгөөнийг дүрэм сахиулах, техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах, замын гэмтэл, осол болон хөдөлгөөнд нөлөөлж болох байгаль цаг уурын хүчин зүйлсийн талаар мэдээлэх тогтолцоо байгуулах

·Гашуунсухайт авто зам компани ЦЕГ, ЗЦГ, АТҮТ-тэй хамтран дүрэм зөрчсөн, согтууруулах ундаа хэрэглэсэн, мэргэжлийн үнэмлэхгүй хүнд жолоо шилжүүлсэн, дараалал дайрсан, замгүй газраар явсан тухай мэдээлэл авдаг байнгын утас, хаяг бий болгож, мэдээллийн дагуу зөрчил гаргасан жолооч, түүний хамаарах тээвэрлэгч аж ахуйн нэгжид торгуулийг ноогдуулдаг, олон нийтэд зарлах

·Гашуунсухайт авто зам ХК, АТҮТ, тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд хамтран нүүрс тээвэрлэлтийн бүх техник хэрэгсэлд GPS суулгаж дараалал дайрах, замгүй газраар давхих, хөдөлгөөний хурд хэтрүүлэх явдлыг хянах, зөрчил гаргасан этгээд болон түүний хамаарах тээвэрлэгч аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцох

·Улсын хилээр гарсан жолооч нар тухайн тээврийн хэрэгсэлтэй буцаж хил нэвтэрдэг байх тогтолцоонд шилжиж хилээр нэвтэрч буй авто машин болон жолооч нар бүртгэлтэй болж, жолоо шилжүүлэх асуудлыг багасгах

 

Нүүрс тээвэрлэлтийн жолооч нарын хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах

·Эрдэнэс Таван Толгой ХК ба Тавантолгой ХК нь нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгжтэй "тээвэрлэлтийн гэрээ” байгуулах ажлыг хэвшүүлэх, холбогдох стандарт, дүрэм, журмыг шинэчлэн боловсруулж, таниулах, мөрдүүлэх ажлыг гүйцэтгэх нэгжийг шинээр зохион байгуулж, шаардлагатай хүн хүч, техник хэрэгслээр хангах

·Тавантолгойн 3 уурхайн компаниуд хөдөлмөр, эрүүл мэнд, болон тээвэрлэлтийн хууль, дүрэм, журмыг зөрчсөн аж ахуйн нэгжтэй тээвэрлэлтийн гэрээ байгуулахгүй, байгуулсан гэрээг цуцлах байдлаар ажиллах,

·ЭМЯ болон Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар нүүрс тээвэрлэлтэд оролцож буй иргэд болон бусад хөдөлгөөнт хүн амын дунд нийгмийн халдварт өвчин тархахаас сэргийлэх үзлэг оношилгоо хийх, шаардлагатай үед эмнэлгийн анхан шатны болон яаралтай тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах

·Гашуунсухайтын нүүрс тээврийн замын дагуу нийгмийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний дүрэм мөрдүүлэх ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай хүн хүч, техник хэрэгслийг нэмэгдүүлэх

·Тээвэрчдийг баталгаат хоол хүнс, тав тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллах, амрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой Амралт, авто зогсоолын цогцолборыг Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дэх улсын хилийн зурваст барих тухай МУ-ын Засгийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх

·Цогтцэций сумын нутагт байгаа 4 болон 6 дугаар гармын орчимд байрласан аж ахуйн нэгж, үйлчилгээний газар, хувь иргэдийг эмх журам, зохион байгуулалтад оруулах, тээвэр, ложистикийн төвийг байгуулах

·Тээвэрчдийг хоршоолол, нийгэмлэгийн зохион байгуулалтад орох, байгаль орчныг бохирдуулахгүй, нийгмийн хэв журам зөрчихгүй байгаа үлгэр жишээч байдлыг сурталчилж, дэмжих

·Мэргэжлийн сэтгэлзүйч ажиллуулах, жолоож нартай холбоотой судалгаа, тандалтыг хийх, тэдний эрх ашгийг хамгаалж буй байгууллага, хувь иргэдтэй хамтран ажиллах

 

Цагаан хадны гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг зогсоох

·Хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах наад захын нөхцөлийг хангах хүртэл Цагаанхадны гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг зогсоох

·Хөдөлмөр, эрүүл ахуйн стандартыг мөрдөөгүй, мөрдөхөөс татгалзсан тээврийн байгууллагууд, нийтийн хоолны газар, засвар үйлчилгээний газрын үйл ажиллагааг зогсоох, холбогдох Зөрчлийн болон холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах зэрэг болно.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК