» » » "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл"-ийг УИХ хэлэлцэнэ

"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл"-ийг УИХ хэлэлцэнэ

"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл"-ийг УИХ хэлэлцэнэМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлон "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл"-ийг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д өргөн барьдаг билээ. "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл"-ийг 2018 оны 3 дугаар сарын 30-ний өдөр УИХ-ын даргад өргөн барьсан бөгөөд уг илтгэлийг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэхээр товложээ. 

Уг илтгэлд "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх: Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт ба иргэдийн оролцоо”, "Нийслэлийн хот төлөвлөлттэй холбоотой хүний эрхийн зарим асуудал”, "Хохирол нөхөн төлүүлэх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал”, "Хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”, "Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилт” гэсэн 5 үндсэн сэдвийг хөндөж, ХЭҮК байгуулагдсан цагаасаа эхлэн нийт 17 илтгэл хүргүүлж, УИХ-аас шийдвэр гаргуулахаар нийт 143 саналыг хүргүүлээд байна.

"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл"-ийн агуулгыг товчлон хүргэвэл: 

НЭГ. ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ: БАЙГАЛЬ ОРЧНЫ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТ БА ИРГЭДИЙН ОРОЛЦОО

Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлаар УИХ-аас шийдвэр гаргуулахаар дараах саналыг гаргаж байна. Үүнд:

-Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийнасуудлаар шийдвэр гаргуулах, арга хэмжээ авахуулахаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх өмнөх илтгэлүүдэд тусгасан санал, зөвлөмжийг цаг алдалгүй хэрэгжүүлж олон нийтэд мэдээлэх;

-Уул уурхайн үйл ажиллагааны стандарт, хүний аюулгүй байдал болон хүрээлэн буй орчинд үзүүлдэг сөрөг нөлөөллийг багасгах, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг олон улсын жишигт нийцүүлэн гүйцэтгэх асуудлыг зохицуулсан хуультай болох;

-Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдлыг арилгах, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах талаар хууль тогтоомжид заасан үйл ажиллагааг цаг тухайд нь хэрэгжүүлж олон нийтэд тогтмол мэдээлж байх;

-Цэвэр усны түгээлт, хэрэглээнд хэмнэлтийн горим болон үйлдвэрлэлийн хэрэгцээнд саарал ус ашиглах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх асуудлыг зохицуулсан бодлого, эрх зүйн орчин бүрдүүлэх;

ХОЁР. НИЙСЛЭЛИЙН ХОТ ТӨЛӨВЛӨЛТТЭЙ ХОЛБОГДОХ ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААР

Нийслэлийн хот төлөвлөлттэй холбоотой хүний эрхийн зарим асуудлаар УИХ-аас шийдвэр гаргуулахаар дараах саналыг гаргаж байна. Үүнд:

-Хот төлөвлөлтийн төсөл хөтөлбөрийн хүрээнд газраа чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгөгүй болж хохирсон иргэдийн хохирлыг нэн даруй барагдуулах арга хэмжээ авах;

-Хот суурин газрыг хөгжүүлэх харилцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохиргэдийгамьдрах байраар хангасан нөхцөлд газар чөлөөлж үл хөдлөх эд хөрөнгийг буулгах, гэрээгээр тохирсон хугацаанд байр олгоогүй нөхцөлд үүрэг хүлээсэн төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж бүрэн хариуцдаг зохицуулалттай болох;

ГУРАВ.ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЗАРИМ АСУУДАЛ

Хохирол нөхөн төлүүлэх эрхийн хэрэгжилт нь бусдын амь нас, эрүүл мэнд, эрх, эрх чөлөө, нэр төр алдар хүнд эд хөрөнгөд учруулсан хохирлын төрөл, хэмжээг зөв тогтоох, хохирлыг үнэлэх, барагдуулах, буруутай этгээд нь хохирогчид учруулсан хохирлыг шударгаар арилгах, мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад хохирлыг хэрхэн нөхөн төлүүлж буй зэргээс хамаардаг.

Хохирол нөхөн төлүүлэх эрхийн асуудлаар УИХ-аас шийдвэр гаргуулахаар дараах саналыг гаргаж байна. Үүнд: 

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол төлбөр төлөгчийн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэхийг хориглоно” гэсэн нь Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан "...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлсэн шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр байгаа бол шийдвэрт заасан хугацаагаар гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлнэ” гэсэн заалттай зөрчилдөж байх тул дээрх хуулийн заалтуудыг нэг мөр болгож, холбогдох хуульд өөрчлөлт оруулах;

-Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд хохирол нөхөн төлүүлэх зорилгоор эд хөрөнгө битүүмжлэх, мөн хохирол нөхөн төлүүлэх ажиллагааг зөвхөн шүүхийн зөвшөөрлөөр явуулах талаар хуульчлах;

-Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, гэмт хэргийн улмаас хохирсон амь нас, сэтгэл санаа болон гэмтлийн улмаас дахин нөхөн сэргээгдэхгүй эрүүл мэндэд учирсан эдийн бус хохирлыг мөнгөн дүнгээр үнэлэх, тооцох аргачлалыг холбогдох байгууллагууд нэн даруй батлан гаргаж практикт хэрэглэх;

-Төр хариуцах төлбөрийн тухайн жилд шаардагдах зардлыг улсын төсөвт тусгах, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг тухай бүрт нь олгодог байх;

ДӨРӨВ. ХИЛИЙН БООМТОД АЖИЛЛАЖ БУЙ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ

Монгол Улсад Мэргэжлийн хяналтын байгууллагын хоёр талын болон орон улсын ангилалтай 21 хилийн боомтын 12 алба, хэлтэст нийт 371 ажилтан ажиллаж байна. Хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хүн бүр ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, мэргэших, эрүүл мэндээ хамгаалуулах, хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс авах, амрах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхийн хэрэгжилтийг Улаанбаатар хотын Буянт-Ухаа боомт, Ховд аймгийн Булган боомт, Увс аймгийн Боршоо боомт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг боомт, Дорнод аймгийн Эрээнцав, Хавирга боомт, Дорноговь аймгийн Замын-Үүд боомт, Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуунсухайт боомтыг тус тус хамруулан зохион байгуулсан хяналт шалгалт, судалгааны ажлын дүнг үндэслэн боловсруулав.

Иймд хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн асуудлаар УИХ-аас шийдвэр гаргуулахаар дараах саналыг гаргаж байна. Үүнд:

-Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсийн ажлын байрны болон амьдрах байрны орчин нөхцөлийг сайжруулахад шаардагдах төсвийг гаргах;

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын байцаагчийн дүрэмт хувцасны норм, эдэлгээний хугацааг батлан гаргах, мөрдөж ажиллах, цаашид тогтоосон хугацаанд хангалтыг хийх, чанар хүртээмжийг сайжруулах;

-Хилийн боомтуудад орчин үеийн иж бүрэн тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон лабораторийг байгуулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, холбогдох төсвийг гаргаж, шаардлага хангаагүй хүнс, хүнсний түүхий эдийг хилээр нэвтрүүлэхийг таслан зогсоож Монгол Улсын үндэсний болон хүнсний аюулгүй байдлыг хамгаалах;

ТАВ. НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛӨӨС ӨГСӨН ЗӨВЛӨМЖҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөл Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний хоёрдугаар тайланг 2015 оны 9 дүгээр сард авч хэлэлцэж өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг дунд хугацааны байдлаар 2018 онд Монгол Улсын Засгийн газар тайлагнах болж буйг тохиолдуулан энэхүү бүлгийг эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас 2016 онд баталсан ерөнхий төлөвлөгөөний биелэлтийн талаар холбогдох яамдаас бэлтгэсэн мэдээлэл, Комисст хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн талаар хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн гомдол, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан зэрэг хамтран ажиллагч байгууллагатай хамтран хийсэн судалгааны мэдээлэлд тулгуурлан бичив.

Иймд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилтийн асуудлаар УИХ-аас шийдвэр гаргуулахаар дараах саналыг гаргаж байна. Үүнд:

-Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөлийн зөвлөмжийн биелэлтийн мэдээллийн нэгдсэн сантай болох;

-Хүний эрхийн олон улсын гэрээний албан ёсны орчуулгын чанарыг сайжруулах, үндэсний хууль тогтоомж, хүний эрхийн олон улсын гэрээний нэр томъёог нэг мөр болгох;

-Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх, шалгуур үзүүлэлтийг тодорхойлж хэрэгжилтийн явцын тайланг жил бүр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргаж байх.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК